BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Wednesday, March 10, 2010

Миний ертөнц 1

Блог! Багадаа юм бичих дуртай хүүхэд байлаа. Янз бүрийн эссэ, зохион бичлэг... яагаад гэдгийн сайн мэдэхгүй байна. Ном унших дуртай байснаас болсон байх.

Харин одоо юм бичнэ гэхээр үхэх гэж байгаам шиг ! энэ миний хамгийн дургүй ажил болж. Би хүмүүсийн блогийг унших дуртай харин өөрөө бичих дургүй.
Бэбэчка сайн бодож үзээд өөрийгөө үнэхээр залхуу болж байгаагаа ойлгоод ядаж толгой гар хоёроо ажиллуулж байхын тулд энд өдөр болгон бичих тангаргийг өөртөө өгөв.

Өнөөдрийн бичих зүйл:
Би

Цэцэрлэг
Би бараг юм санадаггүй. Ямар ч байсан өөрийн санаанд байгаа цэцэрлэгтэй холбоотой зүйлсийг бичвэл: өдөр унтах их дургүй болохоор жижүүр болох маш их дуртай байсан. Энэ нь аяга таваг угаах гэх мэт ажил хүүхдүүд ээлжилж хийдэг байсан байх. Би даруухан томоотой хүүхэд байсан даанч хэн нь ч юм нэг бүтэлгүй амьтан намайг сандал уруу түлхээд хэзээ ч арилахааргүй аймаар том сорви миний хацар дээр үлдээсэн. Аймаар их цус гоожоол багш миний унтдаг ор хөнжлийн даавууг ураад боож байсан шиг санагдаж байна. Хачин царайлсан битүү боолттой хүүхэд орой нь гэртээ ирж байсансан.

Цэцэрлэгт хүүхдүүд дуулж бүжиглээл концертонд орохыг харах бүрдээ тэдний нэг болохыг хичнээн их мөрөөддөг байж билээ. Ямар ч байсан би өөрөө гуйсан ч юмуу бүү мэд нэг удаа хоор дуун дээр зогсч байснаа санаж байна. Хэрвээ надад авъяас байсан бол эд нараас ч илүү хийх юмсан гэж боддог байсан. Гэхдээ энэ нь хэнийг ч муу зүйлд хүргээгүй цагаан атаархал байсан.
6сарын 1нд багш хүүхэд бүрээр наамал хийлгүүлж түүнийг ээжид нь бэлэглүүлдэг байсан. Миний хийсэн наамал ээжийн маань ажлын цонхон дээр наалттай байдаг байж билээ.

Ямар ч байсан их бүрэг болохоор ямар ч хүүхэдтэй дотно нөхөрлөөгүй байх. Зарим өдөр аав ээж хоёр ирэхгүй орой болтол хүлээдэг байснаа санаж байна. Бас аймаар хаврын шуургатай өдрүүдэд харих гэж үйлээ үздэг байсан. Ямар тэр үед машин тэрэг тэр бүр байсан ч биш дээ. Ээж маань л дүү бид хоёрын тухай ярихдаа өглөө орой хоёр цэцэрлэг уруу тэргэнд суулгаад үхтлээ түрдэг байснаа ярьдаг.
Өөр юм санаанд орохгүй байна. Ямар ч байсан одоо цэцэрлэгүүд өөр болсон байна лээ. Намайг байхад нээх их тоглоом байдаггүй байсан. Цэцэрлэг их уйтгартай газар юм шиг санагддаг байсан.


Бага анги

Би 8 настайдаа сургуульд орсон. Ямартаа ч нэгдүгээр ангид УУ урт уу болж байсан. Үсэглэлийн баярын малгайг маань зургийн багш ажилтай нагац ах маань хийж өгсөн. Аав ээж хоёртоо хэзээ ч гомдохгүй ч тэд нар ерөөсөө анхаарал тавьдаггүй байсан санагдаж байна. Ажил ихтэй байдаг байсан байх. Бага ангийн найз нар маань их гоё хүүхдүүд байж билээ. Одоо ерөөсөө холбоотой байдаггүй нь миний буруу байхаа даа. Би нэг хоёрдугаар ангидаа сайн сурдаггүй байсан. Харин гуравдугаар ангиасаа нэлээн сайжраад дөрөвдүгээр ангидаа төрөл арилжсан байсан.

Миний бага ангийн найзууд Ш, Ө хоёр. Ө нь хичээлдээ муу ч аймаар галзуу охин байсан. Одоо ямар ч байсан ээж болсон гэсэн. Ш нь их ухаантай даруухан охин байсан гуравдугаар ангиас шилжсэн. Одоо сэтгүүлчээр сурдаг. Бид нар хичээл орохын өмнө дандаа бие биенийгээ дайрч авч явдаг байж билээ. Манайд нэг удаа цүнхээ мартчихаад сургууль дээр очсон хойноо цүнхээ мартчихаж гэж байсан. Би ч нэг удаа нэгнийд нь цүнхээ мартчихаад дараа нь гэртээ очоод цүнх байхгүй байгаагаа мэдэж билээ. Тэр хоёртой хичээл тараад харих гэж байсан тэр өдрийг би ерөөсөө мартдаггүй. Нар жаргах гээд яг sunset болж байсан. Урдаас зөөлөн хаврын салхи үлээгээд бид гурав явж байх замдаа элдвийн юм хүүрнэцгээн чанга чанга инээж байсан. Би тэр хоёроос та хоёр энэ өдрийг битгий мартаарай би хэзээ ч мартахгүй гэж байсан. Тиймээ би тэр өдрийг мартаагүй.

Цуг суудаг байсан хүүхдүүд гэвэл нэгдүгээр ангийг ерөөсөө санахгүй байна. хоёрдугаар ангид би Ч тэй сууж байсан. Тэр охин их ганган авъяастай охин байсан. Тэрний өдөр болгон солигдох үнэртэй усны үнэр нь их гоё байж билээ. Тэр охин надтай сууж байгаад гуравдугаар ангиас шилжсэн. Одоо загвар өмсөгч болсон ба Монголын нэгэн мисс болсон.
Дараа нь хэнтэй сууснаа санахгүй байна. Ямар ч байсан дөрөвдүгээр ангид С-тэй суусан. Би тэрэнд нэг удаа маружин авч өгснөө санаж байна. Тэр үед тэгж ярьдаг байсан.

Манай багш маш сайн багш байсан. Гуравдугаар ангид монгол хэлний олимпиадад бэлтгэж байхад цаасаа нүүрлэх гэж өдөрт л хэд хэдэн дэвтэр дуусгадаг байснаа санаж байна. Муухай байна дахиад бич, дахиад бич гээд л. Энэ нь тэр үед хэцүү байсан ч эргээд харахад маш их тус болсон шүү.
За байз гуравдугаар ангид хүүхдүүд том концертонд орж байсан. Би ормоор байсан болохоор дуулж чадахгүй ч ааваас гуйсаар байгаад дуу хөгжмийн багштай яриулаад орж байсан. Тэгээд эхний өдрийн завсарлагаанаар концертыг зохион байгуулагчид шүлэг уншиж үзүүлээд тэр концертонд шүлэг уншиж олны өмнө гарах багын мөрөөдлөө биелүүлж билээ.

Гуравдугаар ангид нэгэн З гэх хөвгүүн манай ангид хотоос шилжиж ирсэн. Тэрэнд би сайн болж байсан нь одоо бодоход ёстой инээдтэй юмаа. Бусад охидууд маань ч хүүхдэд сайн болцгоож байсан. Даанч санахгүй байна. Бид нарын мөнхийн сэдэв байсан юм.
Дөрөвдүгээр ангийн урлагийн үзлэг. Өмнө нь би ч гэсэн орох юмсан гэж үхтлээ мөрөөддөг байсан. Харин шүлгийн номероор мөрөөдлөө биелүүлж орсон. Гоё л байсан байх 
Манай ангид Э гэж охин байсан. Тэр аягүй гоё дуулдаг авъяастай онц сурдаг охин байв. Айлын ганц охин болохоор маш гоё гоё хувцас өмсдөг байсан. Бүх багш нар түүнд сайн байсан. Тэр ёстой миний идяал хүн байсан. Харин аравдугаар ангидаа буцаад очиход шал өөр болсон байсан. Ганган хөөрхөн хэвээрээ ч толгой нь хоосон нэгэн болсон байсан нь манай сургууль боловсролын системийн л буруу байхдаа. Зөндөө хүүхдүүд тийм болсон байсан.
Дөрөвдүгээр ангид манай ангийнхан дурсгалын дэвтэр их хөтөлдөг байсан надад нэг байсан ч олон нүүдлийн маань аль нэгэнд хаягдсан юм шиг байналээ. Ямар ч байсан дөрөвдүгээр ангид би их өөр болсон байсан. Өөртөө итгэлтэй, онц сурдаг байсан.
Гэхдээ мөнхийн нэг асуудал бол хүүхдүүдийн намайг шоолох байсан. Би их бүдүүн байсан. Намайг хүүхдүүд бүдүүн гэж шоолдог байсан нь намайг яваандаа өөртөө итгэлгүй болгож байсан. Ямар ч байсан ичимхий бүрэг болгосон. Би харамсч байдаг.

Өөр нэгэн орхиж болохгүй зүйл бол хүүхдийн зуслан. Манай тэнд Жаргалант гэж ганц зуслан байдаг байсан. Нэгдүгээр ангид би анх Ө-тэй хамт амрахдаа анх удаа биеэ даагаад их гоё санагдаад дараагийн ээлжинд нь бас амарж байсан. Гуравдугаар ангид бас хэд хэдэн ээлжинд амарсан. Тэндхийн нэг багш нь их яруу найрагт хайртай хүн байсан. Тэнд би яруу найрагт дуртай болж, шүлэг унших бас бичих дуртай болсон. Гэхдээ багадаа бичдэг байсан шүлгүүд маань алга болсон нь харамсалтай санагддаг. Тэнд бас жүжиглэж сурсан. Тэр газарт би их хайртай. Одоо эзэнгүй хэдэн байшин болсонд их харамсдаг.
Бага ангид нээх их мөнгө байдаггүй байсан ч сургуулийн гадаа юм зардаг эгч нараас юм худалдаж авах их дуртай байсан. Тэр үед элсэн чихрээр хийсэн одоогоор бол хэндмээд тав билүү арван төгрөгөөр зардаг байсан. Түүнийг их авч идэж билээ.
За тэгээд дөрөвдүгээр ангиа төгсөөд ангиа, багшийгаа, сургуулиа баяртай гэж хэлээд өөр шинэхэн газар ирээд ёстой л хүчээ үзсэн дээ.
За байз, өөр нээх их зүйл санаанд орохгүй байна.

Харин маргааш Дунд анги байх болно.