BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Monday, July 19, 2010

Эдэлвайст өнгөрүүлсэн өдөр

Нэгэн охин дадлага хийхээр тохирсон газраа товлосон цагаасаа хоёр цагаар хоцорч ирэв. Дадлага хийхээр товлосон уг зочид буудал нь Улаанбаатарын дунд зэргийн хорин ортой буудал хэдий ч үнэхээр дажгүй тохижуулсан гаднах үзэмж одоо сууж буй үүдэн хэсгийн хүлээлгэ гээд бүгд чамлаад байх зүйлгүй аятайхан буудал байлаа.

Охин нэлээд удаан хүлээсний эцэст менежертэй уулзаж тэр өдрөө цэвэрлэгчдийг даган ажиллахаар болов. Буудлын хоёр үйлчлэгчийг даган өрөөнүүдийн цэвэрлэгээг хийнгээ өрөөнүүдийн тохижилт болон үйл ажиллагаатай нь нэлээд танилцлаа. Өмнө нь хоёр жилийн өмнө Америкд тэндээ нэлээн гайгүйд тооцогдохоор буудалд ажиллаж байсан уг охины хувьд Монголын буудал тэндхийн буудлаас дутахааргүй тохижилт, үйлчилгээг нэвтрүүлснийг анзаараад улсын маань үйлчилгээний салбар нэлээд хөгжсөнийг анзаарч явав.
Буудлын бизнес нэлээд их хөрөнгө, хяналт, ажилчдын сэтгэл, үйлчилгээ гээд нэлээн ур чадвар шаардсан бизнес юм байна гэдгийг бага ч гэсэн гадарласан тэрээр дотроо мэдэхгүй олон зүйлсээ сурч тэмдэглэж байв. Ер нь буудлын бизнес гэдэг сайн үйлчилгээг үзүүлээд хөл дээрээ тогтоод өөрийн үйлчлүүлэгчтэй болсон байхад урсгал хөрөнгө бага шаарддаг ашигтай л бизнес юм байна гэж тэрээр дотроо эргэцүүлэнгээ үйлчлэгч эгчийн даалгасан хоёрдугаар давхарын коридорын хивсийг угааж зогсож байв. Энэ буудалд зун болохоор ор олдохгүй нэг хүн гарахаар дараагийн хүн нь шууд ордог эрэлт ихтэй байдаг боловч зочид нь ерөнхийдөө Хятад, Солонгосчууд ажээ.
Хивс угааж зогсоо охиныг үеийнх нь Солонгос охидууд шоолонгуй янзаар хоорондоо шивнэлдэхэд иймэрхүү юмнаас ичихээ больсон охин ердөө ч тоосонгүй. Түүний баримталдаг зарчим нь хүн амьдралдаа юутай ч тулгарч болох учраас юунаас ч айхгүй, санаа зовохгүйгээр залуу насандаа янз бүрийн зүйлийг оролдож туршлага хуримтлуулахыг эрмэлздэг явдал юм. Би тийм сургууль төгссөн, тийм айлын хүүхэд гэж хямсгар зан гаргаж байснаас зүгээр л юуг ч хийж, хэнтэй ч нөхөрлөсөн амьдралын туршлага болж өөрөө өөрийгөө улам илүү баяжуулж байна гэж итгэдэг даруухан тэр охин дадлагын анхны өдрөө дуусгаад бүгчим халуунд гэрийн зүг алхав.

Гэртээ орж ирээд хөлбөмбөг үзэж байгаад өдрийн ажилдаа ядарсан ч юмуу эрт унтаж амрав.

Маргааш өглөө нь эртлэн босч хүйтэн шүршүүрт ороод ажлын зүг яаран гарлаа. Гадаа бүгчим болоод ч тэрүү автобусанд нэлээд түүртэй явсаар зочид буудал дээрээ ирээд рестораны хэсэгт ажиллахаар боллоо.
Рестораны менежер эмэгтэйн удирдлаган доор ажиллахаар болсон тэрээр ширээ хэрхэн засах талаар зөөгчдөөр заалган рестораны үйл ажиллагаатай ерөнхийд нь танилцав. Анхны тавагтай хоолыг аваад зөөгчдийг даган гарсан ч инээд муутай тэр охин хэдий буяны ажилд зөөгч хийж байгаа ч инээмсэглэлээ хаяж чадсангүй. Нөгөө зөөгч нь менежерт очоод “Тэнэг юм шиг инээгээд байхын” хэмээн хов хүргэхээс эхлээд менежер уг охин уруу хялалзаж эхлэв.

Зөөгч хийнэ гэдэг амархан ажил шиг сонсогдох атлаа цагаа тулахаар нэлээн ур дүй, чадвар шаардсан ажил юм байна гэдгийг ойлгосон охин ганцхан угаагчтай угаалгын хэсэгт угаагч эгчид туслан аяга тавгийг нь арчилцаж байв. Менежер хүүхэн хэсэг байж байгаад ирж чи юу хийгээд байгаан? Гэж дахин дахин зандарна. Гэнэт ирснээ “Чамайг наад алчуураараа битгий арч гэж хэлээ биз дээ” хэмээн зандрахад тэсгэл алдсан охин “Та юу ч хэлээгүй байж, юу яриад худлаа яриад байгаан” хэмээн үнэнийг нь хэлээд “Миний дадлага одоо дууслаа” хэмээн цүнхээ аван хаалга зүгэллээ.

Тэндээс гараад замдаа өөрийн тэвчээргүй зангаа гайхан ядаж өнөөдрийг дуусгадаг байж дээ хэмээн өөрийгөө зүхэн элдвийг бодолхийлээ. Ерөнхийдөө өөрийхөөрөө дайрдаг бага зэрэг зөрүүд зантай над шиг хүнд эв дүй, ур чадвар шаардсан зөөгчийн ажил тийм ч тохирохгүй юм байна. Гэхдээ менежер хүн гэхэд ямар өрөвдөлтэй зантай, боловсрол дорой хүн бэ хэмээн бодолхийлж яваа уг охины зочид буудалд хийсэн хоёр хоногийн дадлага ийнхүү өндөрлөв.

Харин тэрээр маргаашнаас нь төдийлөн сайн мэдэхгүй зочид буудлын бизнес үрүү алхан орж анхны томилолтоо аван нэгэн аймгийн хамгийн том буудлын менежер болон зөвлөхөөр ажиллахаар алсын замд гарна. Намайг юу хүлээж байгаа бол?????

0 comments: